Хоршоодыг чадавхжуулахад хамтран ажиллав
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн Малчдын байгууллага баталгаажуулалтын мэргэжилтэн А.Алтанзул 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 30-ны өдрийг дуустал Баян-Өлгий, Ховд, Увс аймгуудын 16 суманд холбогдох байгууллагын 150 гаруй албан хаагч, 350 орчим малчид, 70 гаруй хоршоодод төслийн зүгээс хийгдэж байгаа ажлууд, хамрагдах боломжтой дэмжлэг, хэрэгжилтийн талаар танилцуулж, нэмэлтээр төрийн болон хувийн хэвшлээс олгож байгаа зээл, MNS 6891:2020 Хариуцлагатай нүүдэлчин зохистой дадал стандартыг нэвтрүүлэх боломж, давуу талыг танилцуулан, бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагыг хийн, нөхцөл байдалд тулгуурлан зөвлөгөө мэдээлэл өгөв. Мөн 57 хоршооноос “Малчдын хоршоодыг бэхжүүлэх, чадавхжуулах, санхүүгийн хэрэгцээг тодорхойлох” дөрвөн бүлэг, 30 асуулгатай санал асуулгыг авч нэгтгэсэн байна.
Аймаг, сумын хоршоод хамтран нэгдэж дундын хоршоо болох шаардлагатай байгаа ч хэд хэдэн асуудал тулгарч байна. Үүнд:
– Бага хүүтэй, урт хугацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж хязгаарлагдмал.
– Хоршооны гишүүн малчдын идэвх, санаачилга, оролцоо хангалтгүй.
– Санхүүгийн мэдлэг дутмаг.
– Хоршоодыг дэмжих төрийн бодлого ойлгомжгүй байгаа нь хоршоодын үйл ажиллагааг сулруулж, заримдаа тарах шалтгаан болж байна.
Цаашид хоршооны үйл ажиллагааг бэхжүүлэхийн тулд оролцогч талууд дараах ажлуудыг авч хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Үүнд:
– Хоршоодын үйл ажиллагааг сайжруулах, нэгтгэх: Одоо үйл ажиллагаа явуулж буй хоршоодын үйл ажиллагааг сайжруулж, өргөжүүлэх. Үйл ажиллагаа нь доголдолтой хоршоодыг жигдэрсэн, тогтворжсон хоршоодтой нэгтгэн сум дундын хоршоог байгуулж, харилцан суралцах замаар чадавхжуулах.
– Цахим сургалт, мэдээлэл: Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн хоршоо хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран давтамжтай сургалт, мэдээллийг цахим хэлбэрээр хийх.
– Бэлчээр ашиглагчдад суурилсан хоршоо: Бэлчээр ашиглагчдын хэсэгт тулгуурласан хоршоо байгуулах боломжгүй зарим сумдад нөхөрлөл, малчдын бүлэг дээр хоршоо, цаашлаад дундын хоршоог байгуулах. Дэмжлэг олгоход бэлчээрийн, сүргийн болон хөгжлийн төлөвлөгөөг таваас зургаан жилийн хугацаатай гаргуулан, хэрэгжилтийн үр дүнд тулгуурлан дэмжлэг олгодог тогтолцоог бүрдүүлэх.
– Стандарт нэвтрүүлэх: Гишүүн малчдынхаа малын гаралтай түүхий эдийг борлуулахад анхан шатны тордолт, стандарт шаардлагыг ханган ажиллуулах, MNS 6891:2020 Хариуцлагатай нүүдэлчин бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандарт болон бусад стандартуудыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж, дэмжих.