• Facebook
  • Twitter
  • Youtube
  • phone_in_talk Утас: + (976)-77660116
  • mail Имэйл: info@asdip.mn
EN
Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр
  • Нүүр
  • Бидний тухай
    • Хөтөлбөрийн танилцуулга
    • Бүтэц, зохион байгуулалт
  • БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ
    • Барилга, дэд бүтэц
    • Мал аж ахуй, бэлчээрийн менежмент
    • GIRAF Зээлийн сан
    • Төслийн менежмент
  • Бодлогын баримт бичиг
    • Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр
    • АХБ-ны бодлого, журмууд
    • Хууль тогтоомж
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
  • Худалдан авалт
    • Худалдан авах үйл ажиллагааны бодлого, дүрэм журам
    • Нээлттэй худалдан авах ажиллагаа
    • Гэрээ байгуулсан тухай мэдэгдэл
  • Ил тод байдал
    • Тайлан
    • Байгууллагын дотоод журам
    • Нээлттэй ажлын байр
    • Албан хаагчдын жагсаалт
    • Шилэн данс
  • Menu Menu

Тал хээрийн экосистем хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэхэд маш чухал үүрэгтэй

2025-06-20

Монгол Улсын газар нутгийн 70 хувийг бүрхэн 110.0 сая га газар тэлж тогтсон тал хээр нутаг байгалийн унаган төрхөө хадгалж үлдсэн дэлхийн цөөн экосистемийн нэг юм. Ойтой харьцуулахад ган, түймэр гэхчлэн байгалийн эрсдлийг тэсвэрлэх чадвар илүүтэй тал хээрийн экосистем хүлэмжийн хийг тогтвортой шингээх, хадгалах өндөр чадамжтай гэж эрдэмтэд үзэж байна.
Тал хээр нутгийг малын бэлчээрийн зориулалтаар ашиглахдаа хөрсний органик нэгдлүүдийн хэвийн байдлыг алдагдуулахгүй байх нь карбоны шингээлт, агууламжийг нэмэгдүүлнэ. Фотисинтезийн үзэгдлийн явцад агаар мандлаас шингээж авсан СО2 ургамлын үндсээр дамжин хөрсний гүнд орж хэдэн сая жилийн турш хуримтлагдан хадгалагдаж байдаг.
Өнөө үед бэлчээрийн газрын карбоны шингээлтийг голдуу хөрсний өнгөн хэсэгт шингэсэн хэмжээгээр тооцож байгаа ч ихэнх хувь нь хөрсний гүний давхаргад шингэж хадгалагддаг гэдгийг анзаарч эхэлж байна. Тал хээрийн өнгөн хөрс талхлагдаж доройтвол гүний давхаргад олон зуун жил хуримтлагдсан карбон ил гарч агаар мандалд цацагдах эрсдэлтэй. Тийм учраас эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр хийгдэх үйл ажиллагаа хөрсний дор хуримтлагдсан карбоныг алдагдахаас сэргийлэх, хэрвээ алдагдаж эхэлбэл дахин нөхөн сэргээх бараг боломжгүй гэж зөвлөж байна.
Бэлчээрийн менежментийн судалгааны салбарт хөрс, ургамлын доройтол дахин нөхөн сэргэх боломжгүйгээр өөрчлөгдөхийг “босго давах” гэж нэрийддэг. Монголын тал хээрийн бэлчээрийн хичнээн хувь нь энэ босгыг давсан бэ гэдэг асуултад хариулах цаг хугацаа ирж байна. Сүүлийн гуч гаруй жилийн туршид Монгол Улсын мал сүргийн тоо гурав дахин өсч бэлчээрийн даац тэр хэмжээгээр хэтэрсэн. Үүний улмаас тал хээрийн нутгийн 65 хувь талхагдалд өртжээ.
Гэвчиг, бэлчээр нутгийг дөрвөн улирлын бүтээмжид нь тохируулан сэлгэж амраан ашиглаж ирсэн Монгол малчдын уламжлалт арга ухаан байгалийн аясаар нөхөн сэргэх чадварыг хараахан алдагдуулаагүй байна. Судалгааны дүнгүүдээр талхлагдсан бэлчээрийн 85 хувийн ачааллыг бууруулж чадвал байгалийн аясаар сэргэн ургах чадвараа хадгалж үлдсэн гэдэгийг харуулж байна.
Бэлчээр нутгийг дөрвөн улирлын бүтээмжид нь тохируулан ашиглаж, ачааллыг нь бууруулвал байгалийн аясаараа сэргэн ургаж, агаар мандлаас карбоныг шингээх, хадгалах экосистемийн үйлчилгээ нь хэвийн явагдаж ард иргэд, улс орон, дэлхийн нийт бүхлээрээ ашиг тусын хүртэнэ.
2015 онд гарсан Монголын бэлчээрийн төлөв байдлын анхны үндэсний тайлан нийт тал хээр нутгийн 65 хувь ямар нэгэн хэмжээгээр доройтсон ч, 94 хувь нь байгалийн аясаараа сэргэн ургах чадвараа хадгалж үлдсэн гэж дүгнэсэн байна. 2018 онд гарсан хоёрдахь удаагийн тайланд талхлагдсан бэлчээрийн хэмжээ буурч 57 хувь болсныг тэмдэглэн, цаг агаарын тааламжтай нөхцөл, малчид бэлчээрийн сэлгээ хуваарийг төлөвлөгөөтэй хийх хандлага нэмэгдсэнтэй холбоотой гэжээ. 2022 онд гарсан үндэсний тайланд хүчтэй доройтсон зарим бэлчээр сэргэж байгааг мөн тэмдэглэсэн байна.
Энэ нь тал хээрийн бэлчээр нутгийг байгалийн аясаар нөхөн сэргэх чадварыг хадгалахад ургамал ургалт, нөхөн төлжих хугацааг тааруулан амраах, сэлгэн ашиглах, малын тоо, ачааллыг бэлчээрийн улирлын ургац, даацад нийцүүлэн ашиглахын чухлыг харуулж байна.
Монголд тал хээрийн бэлчээрийн экосистемийн өөрчлөлт, ашиглалтын нөлөө хандлагыг хэмждэг хоёр систем бий. Монгол эрдэмтэд, олон улсын судлаачидтай хамтран сэрүүн бүсийн тал хээрийн системийн экологийн чадавхийг тодорхойлон, түүнээсээ хэрхэн шилжин өөрчлөгдөж байгааг хэмждэг Төлөв Байдлын Өөрчлөлтүүдийн загваруудыг боловсруулан гаргасан. Энэ систем АНУ, Австрали, Шинэ Зеланд зэрэг олон оронд хэрэглэгддэг. Монголын тал хээр нутагт 22 төрлийн экологийн чадавхийн ангилал байгааг ургамал, хөрс, бүтээмж, газрын гадаргын байрлал, бичил уур амьсгалын шинж чанарууд, онцлогыг үндэслэн гаргасан ба энэ нь тухайн бэлчээрийн экологийн чадавхи бүрт дүйцсэн ашиглалт, ачааллыг тооцоолох боломж олгож байна.
Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо малчидтай хамтран талхагдлын янз бүрийн түвшинд байгаа бэлчээр хэрхэн нөхөн сэргэж байгааг тодорхойлох судалгаа явуулжээ. Маш хүчтэй доройтсон бэлчээр хүртэл ачааллыг нь бууруулан, даацад тохируулан мал бэлчээвэл цаг агаарын тааламжтай нөхцөлд нөхөн сэргэж байгааг олж тогтоосон байна.
Хоёр жил тутам гаргадаг Уур амьсгалын өөрчлөлтийн ил тод байдлын тайланд Монгол Улс хөдөө аж ахуйн салбарт нийт хүлэмжийн хийн ялгарлын 53 хувь оногдож байгаа ба үүний 34 хувь нь газрын доройтлоос үүдэлтэй гэсэн байна. Монгол орны газар нутгийн дийлэнх хувийг бүрдүүлдэг тал хээрийн экосистем хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэхэд маш чухал үүрэгтэй. Хүчтэй доройтсон бэлчээрийг механик аргаар сайжруулах нь Монголын уур амьсгалын нөхцөлд маш өндөр зардалтай бас бэрхшээл ихтэй гэдэгийг олон туршилтын дүн харуулж байна. Хамгийн өртөг зардал багатай арга бол бэлчээрийн даацад малынхаа тоо толгойг тохируулах, сэлгэж амраан ашиглах гэдгийг эрдэмтэд мөн тогтоосон байна. Үүнийг дундын бэлчээрээ хамтран ашигладаг малчид хамтын төлөвлөлт гарган, зохион байгуулалтаа сайжруулан хийх бүрэн боломжтой. Энэ санаачилгыг дэмжих хууль эрх зүйн тааламжтай орчин бүрдүүлэх хэрэгцээ байна. Зарим сумдад дөрвөн улирлын бэлчээрээ дундаа ашиглаж ирсэн малчид зөвшилцөн, бүгдээрээ даган мөрдөх сэлгээний төлөвлөгөө гаргаж бэлчээрийн даацдаа тохируулан нүүдэл сэлгээ хийж байна. Түүнчлэн, улирлын бэлчээрийн хил заагаа зөвшилцөж, дагаж мөрдөх журамтай болжээ. Энэ нь сумын удирдлагатай бэлчээр ашиглалтын гэрээ байгуулах, бэлчээрийг тогтсон хуваарийн дагуу амрааж сэлгэн ашиглах, малын хөлийн бөөгнөрлийг зохицуулах боломжийг олгож байна.
Бэлчээр доройтох шинж тэмдэг илрэнгүүт малчид бууриа сэлгэж нөхөн сэргэх боломж гаргадаг энэ уламжлалт аргыг эрдэмтэд бэлчээр ашиглалтын “4 Алтан дүрэм” гэж нэрлэсэн байдаг ба эдгээр нь: бэлчээрийн даацыг үл хэтрүүлэх, бэлээрийн ургамлын байгалийн аясаар сэргэн ургах чадварыг хадгалах, ургамалд нөхөн төлжих хугацаа тавьж өгөх, бэлчээрийг ашиглах урьдчилсан төлөвлөгөө гаргаж мөрдөх юм.
Эдгээр байгалийн шийдлүүд тал хээр нутгийг зүй зохистой ашиглах өргөн боломжийг олгож байна. Бэлчээрийн улирлын даацид дүйцүүлэн мал сүргээ адгуулах нь ургамал, хөрс нөхөн төлжих, агаар мандлаас карбоныг шингээх, хадгалах зэрэг тал хээр нутгийн экосистемийн үйлчилгээг хадгалах, улс орон, дэлхийн нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд чухал ач холбогдолтой.
Дэлхий нийтийн хэмжээнд тал хээр нутгийн экосистемийн үйлчилгээг бүрэн ойлгож үнэлэхгүй байгааг сайжруулах хэрэгцээ байна. Тал хээр нутаг малын тэжээлийн нөөцөөс гадна бороо хурын усыг шингээх, түүнийгээ гантай, хуурай жилүүдэд нөөцлөн ашиглах, хөрсний үржил шимийг хамгаалан элэгдэл, цөлжилтөөс сэргийлэх зэрэг олон байгалийн экосистемийн үйлчилгээг үзүүлж байдаг зэргийг анзаарч үнэлэх цаг болжээ. Эдгээрийг Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр, Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Урт хугацааны хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах стратеги зэрэг чухал баримт бичгүүдэд тусгах нь уур амьсгалын өөрчлөлтөд нутгийн иргэд, экосистемийн дасан зохицох, тэсвэрлэх үйл явцыг дэмжиж ирээдүйд ирж болзошгүй эрсдэлээс сэргийлэх чухал алхам болно.

Эх сурвалж: Ц.Энх-Амгалан Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан ахлах ажилтан https://blogs.adb.org/author/enkh-amgalan-tseelei

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
https://asdip.mn/wp-content/uploads/tal-heer.jpg 667 1000 asdip https://asdip.mn/wp-content/uploads/2025/04/logo.png asdip2025-06-20 11:16:122025-06-20 11:16:12Тал хээрийн экосистем хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэхэд маш чухал үүрэгтэй

Шинээр нэмэгдсэн

  • Тал хээрийн экосистем хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэхэд маш чухал үүрэгтэй2025-06-20 - 11:16
  • Дэд бүтцийн хөтөлбөрүүдийг оновчтой хэрэгжүүлэх талаар санал солилцлоо2025-06-16 - 13:33
  • Ховд хотын цэвэрлэх байгууламж эрсдэлтэй түвшинд байна2025-06-13 - 16:17
  • Баян-Өлгий аймгийн төсөл хэрэгжих байршлуудтай танилцлаа2025-06-13 - 16:00
  • Увс аймагт төслийн суурь түвшнийг тодорхойлж ажиллав2025-06-13 - 14:08
  • Услалтын системийн нөхцөл байдалтай танилцлаа2025-06-13 - 11:55
  • Сумдад бэлчээр хариуцсан мэргэжилтнүүд дутагдалтай байна2025-06-12 - 15:47
  • Хамгаалагдсан аж ахуй байгуулна2025-06-12 - 11:18
  • Хоршоодыг чадавхжуулахад хамтран ажиллав2025-06-12 - 10:24
  • Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын анхааралд2025-05-29 - 15:30

Хөтөлбөрийн тухай

Хөтөлбөр 2023 – 2033 онд арван жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкны олон шатлалт санхүүжилтийн шугамаар санхүүжигдэнэ. Хөтөлбөрийн нийт санхүүжилт 735 сая ам.доллар, үүнээс 270 сая ам.долларын нэгдүгээр үе шатны гэрээ байгуулагдаад байна.

Хэрэгжилтийн үе шат:
2024-2029 (Үе шат 1)
2026-2031 (Үе шат 2)
2028-2033 (Үе шат 3)

Аймаг, сумын төвүүдийн бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй.

Цэс

  • Нүүр
  • Бидний тухай
    • Хөтөлбөрийн танилцуулга
    • Бүтэц, зохион байгуулалт
  • БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ
    • Барилга, дэд бүтэц
    • Мал аж ахуй, бэлчээрийн менежмент
    • GIRAF Зээлийн сан
    • Төслийн менежмент
  • Бодлогын баримт бичиг
    • Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр
    • АХБ-ны бодлого, журмууд
    • Хууль тогтоомж
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
  • Худалдан авалт
    • Худалдан авах үйл ажиллагааны бодлого, дүрэм журам
    • Нээлттэй худалдан авах ажиллагаа
    • Гэрээ байгуулсан тухай мэдэгдэл
  • Ил тод байдал
    • Тайлан
    • Байгууллагын дотоод журам
    • Нээлттэй ажлын байр
    • Албан хаагчдын жагсаалт
    • Шилэн данс

Санал хүсэлт

6 + 2 = ?

Хаяг

Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж MN tower, 10 давхар №1005

Утас

+976-77660116

Имэйл

info@asdip.mn

© 2025 “Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төсөл.

Дэд бүтцийн хөтөлбөрүүдийг оновчтой хэрэгжүүлэх...
Scroll to top