Ховд хотын цэвэрлэх байгууламж эрсдэлтэй түвшинд байна
“Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн холбогдох албан тушаалтнууд төсөл хэрэгжих Ховд аймгийн Дарви , Булган, Дуут, Жаргалант, Эрдэнэбүрэн сумдад томилолтоор ажиллаж, малчид, хоршоодын оролцоо, мал эмнэлэг, үржлийн нэгж, газар тариалан, услалтын системийн нөхцөл байдал, бэлчээрийн менежментийн хүрээнд төлөвлөгдсөн ажлуудын хүрээнд орон нутгийн удирдлага, мэргэжилтэн, иргэн, хуулийн этгээдүүдтэй уулзалт зохион байгуулж, хэрэгжих төслийн талаар танилцуулга хийж төслийн суурь түвшинг тодорхойлон, цаашид төслийг хэрэгжүүлэх, төлөвлөсөн цаг хугацаанд үр дүнд хүрэх хэмжээний санал боловсруулж ажиллацгаалаа.
Томилолтын бүрэлдэхүүнд Мал аж ахуй, бэлчээрийн менежмент бүрэлдэхүүн хэсгийн дэд зохицуулагч Б.Ванчиндорж, агрономч Н.Оюунсувд, мал аж ахуй, агро бизнесийн мэргэжилтэн М.Галбадрах, бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтэн П.Наранбаатар, малчдын байгууллага, баталгаажуулалтын мэргэжилтэн А.Алтанзул, хот байгуулалтын мэргэжилтэн Ё.Лхагвадорж, нүүлгэн шилжүүлэлтийн мэргэжилтэн Ч.Бэлэгсайхан, Ховд аймгийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Санхүү, худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтан С.Гансүх инженер Т.Батбуян нар ажилласан байна.
Ховд аймагт тулгамдсан хамгийн чухал асуудал бол Ховд аймгийн төв Жаргалант сумын төв цэвэрлэх байгууламжийн асуудал аж. Ховд хот нь 40 гаруй мянган хүн амтай, “Шим-Ус” ОНӨААТҮГазар жилдээ 1,82 сая шоо метр ус олзворлон түгээж 1,67 сая шоо метр бохир усыг татан зайлуулж, гэр хорооллын 5800 гаруй айл өрхөд цэвэр ус түгээж, орон сууцны 5200 айл өрхийг унд болон ахуйн цэвэр усаар хангаж бохир усыг татан зайлуулдаг. Ховд аймгийн Ховд хотын нутагт байрлах төв цэвэрлэх байгууламж нь 1986 онд 2800 м3/хон хүчин чадалтай механик цэвэрлэгээний байгууламж ашиглалтанд орсон. 2001 онд Азийн хөгжлийн банкны зээлээр 1400 м3/хон хүчин чадалтай биологи цэвэрлэгээний байгууламжаар өргөтгөж, 2016 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар механик цэвэрлэгээний байгууламжийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж нийт ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг цэвэрлэх хүчин чадал 7000 м3/хоног болон өргөтгөгдсөн. Одоогийн байдлаар 4800 м3/хоног бохир усыг нийлүүлж, цэвэршүүлж байгаа бөгөөд цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдэн гарч байгаа хаягдал усны цэвэрлэгээний түвшин 52% -тай байгаа нь MNS 6561:2015 стандартыг хангахгүй байгаа юм. Цаашид цэвэрлэх байгууламж нь бүрэн хүчин чадлаараа ажиллахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд удаж байгаа бөгөөд технологийн горимоороо ажиллахгүй байгаагаас үүдэн бетонон хийцүүд цоорч, элэгдэлд орж нэвчилт шүүрэлт үүссэн. Мөн тоног төхөөрөмж олон жилийн насжилттай, хуучирч элэгдэлд орсон, барилга объектууд стандартын шаардлага хангахгүй бүрэн бүтэн байдал алдагдаж байгаль орчин, хөрсний бохирдол ихээр бий болгож байгаа нь анхаарал татсан асуудал болоод байна.
Түүнчлэн Эрдэнэбүрэн суманд услалтын системийн арчилгаа усргал засвар хийгдээгүйн улмаас толгойн байгууламж сүйдсэн байдалтай байгаа бол Булган суманд Баянголын амнаас Булган голыг салаалуулж усалгаатай газар тариаланг эрхлэх зорилгоор хийгдсэн ажлын толгойн байгууламж болон суваг шуудуйг сэргээн засварлах шаардлагатай байгаатай газар дээр нь танилцлаа. Мөн Дуут сум нь хамгийн өндөрлөг уулын бүсэд оршдог төдийгүй Бүргэдтэй хайрхан, Жинст, Хонгор, Битүүт, Хөх хавцал, Маш, Улаан даваа зэрэг далайн түвшнээс дээш 3500 метрийн өндөр Алтайн нурууны сүрлэг оргилууд тус сумын нутагт байдаг төдийгүй Битүүт, Цэнхэр, Балинтын түргэн урсгалт голууд, уулын сүрлэг хавцлуудыг ашиглан хөв, цөөрөм байгуулах нэн шаардлагатай байгааг сум орон нутгийн удирдлагууд онцлолж хөв цөөрөм байгуулах хүсэлтийг төслийн нэгжид албан ёсоор гаргаж, дэмжиж хамтарч ажиллахыг хүссэн байна.