Бэлчээрийн малын мах бол монголын брэнд
Махны өртгийн сүлжээ болон био-хамгаалагдсан аж ахуйн талаар ASDIP төслийн ТХН-ийн төлөөлөл 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Монголын махны холбоо (ММХ)-ны удирдлагуудтай уулзаж, баруун бүсэд хэрэгжүүлэх био-хамгаалагдсан аж ахуйн загвар, мах үйлдвэрлэлийн зохион байгуулалт, махны өртгийн сүлжээ болон экспортын бодлогын талаар санал солилцлоо. Уулзалтад Монголын махны холбооны Гүйцэтгэх захирал Н.Батсуурь, менежер И.Баттогтох болон тус холбооны төлөөлөл, ASDIP төсөл хэрэгжүүлэх нэгжээс дэд зохицуулагч Б.Ванчиндорж, мэргэжилтэн М.Галбадрах, А.Алтанзул, Ц.Мөнхзул нар оролцож баруун бүсэд махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж, тулгамдаж буй асуудал, бодлогын шаардлагатай чиглэлүүдийн хүрээнд санал солилцлоо.

ASDIP төслийн баг Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудад хэрэгжүүлэх био-хамгаалагдсан аж ахуйн хүрээнд үхэр, адуу, бог малыг бордох загвар, бүс нутгийн мах үйлдвэрлэлийн зохион байгуулалтын шийдлүүдийг танилцуулав. Харин Монголын махны холбооны зүгээс малын төрөл тус бүрийн бордох үр ашиг, зах зээлийн эрэлт, экспортын боломжийн талаар мэргэжлийн үнэлгээ өгч, адууны махыг Дундад Азийн зах зээлд нэмэгдүүлэх стратегийн ач холбогдлыг онцолсон юм.
Н. Батсуурь захирал дулааны аргаар боловсруулсан махнаас хөлдөөсөн, улмаар хөргөсөн махны экспорт руу үе шаттай шилжих нь олон улсын зах зээл дээр монгол махны үнийг өсгөх гол боломж гэдгийг тэмдэглэж, бэлчээрээр таргалуулсан малын мах бол Монголын брэнд давуу тал болохыг онцлов. Мөн малын сүргийн эргэлтийг оновчтой зохион байгуулах, эх мал болон хэрэглээний малын харьцааг зөв тооцох, жил бүр сүргийн 30 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай талаар санал хэлж, малчдын эдийн засгийн мэдлэг, бизнесийн сэтгэлгээг нэмэгдүүлэх сургалтын хэрэгцээ шаардлага өндөр байгааг дурдав.
Талууд махны өртгийн сүлжээг малчны хотноос үйлдвэр хүртэл нарийвчлан тооцох, санхүүжилт, борлуулалт, дайвар бүтээгдэхүүний менежмент, төр–хувийн хэвшлийн түншлэлийн зохион байгуулалтын загварыг тодорхойлох шаардлагатай гэдэгт санал нэгдлээ. Мөн малчдын хоршоонд суурилсан бизнес загвар, стандарт, заавар боловсруулах, сургалт зохион байгуулах нь био-хамгаалагдсан аж ахуйг амжилттай хэрэгжүүлэх үндэс болохыг тэмдэглэв. Уулзалтын төгсгөлд талууд баруун бүсийн онцлогт нийцсэн махны үйлдвэрлэл, экспортын бодлого болон био-хамгаалагдсан аж ахуйн загварыг нарийвчлан боловсруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцлоо.



