Уур амьсгалын зорилтоо шинэ шатанд тодорхойлов
Монгол Улс Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг ахиулан шинэчилсэн.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 91 дүгээр тогтоолоор “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC) 3.0”-ийг баталсан юм. Тэгвэл энэхүү “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC) 3.0” баримт бичгийн шинэчлэлийг нийтэд танилцуулах үндэсний форумыг өчигдөр /2025.11.05/ зохион байгууллаа.
Энэхүү зорилтыг танилцуулах үндэсний форумд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцов.
Монгол Улс сүүлийн арван жилийн хугацаанд Уур амьсгалын ногоон сантай (GCF) идэвхтэй хамтран ажиллаж, 400 гаруй сая ам.долларын төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн.
Цаашид уур амьсгалын өөрчлөлтийн хяналт-шинжилгээ, мэдээлэл, тайлагналын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан үндэсний платформ хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээнд Монгол Улс нүүрстөрөгчийн зах зээлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, 2025 оны 10 дугаар сарын 6-нд Бүгд Найрамдах Сингапур Улстай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан. Үүнтэй адил хэлэлцээрийг Швейцарийн Холбооны Улстай COP30 бага хурлын үеэр байгуулахаар бэлтгэл хангаж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсад хүлэмжийн хийн бууралтыг олон улсын зах зээлд арилжаалах, уур амьсгалын санхүүжилтийг хувийн хэвшилд татах шинэ боломж нээж байгаа аж.
Форумын оролцогчид NDC 3.0-ийг зөвхөн уур амьсгалын зорилт биелүүлэх баримт бичиг бус, эдийн засгийн шинэчлэл, ногоон хөрөнгө оруулалт татах, инноваци, технологийн хөгжлийг түргэтгэх чухал хөшүүрэг гэж үнэлэв.


