Европын өдөрлөг 2025-д оролцлоо
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Европын өдөрлөг тавдугаар сарын 17-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүтэн өдрийн турш болж өнгөрлөө. Энэ удаагийн Европын өдөрлөг-2025 арга хэмжээнд 59 аж ахуй нэгж, элчин сайдын яамдууд, төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөрүүд оролцож өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчиллаа. Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр /ASDIP/ төслийн хувьд уг арга хэмжээнд анх удаа оролцлоо.
Европын холбоо нь Монгол Улсад уур амьсгалын бодлого, NDC хэрэгжилтийг дэмжих, тогтвортой хөгжлийн зорилтод нийцэх зөвлөгөө, бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ эрчим хүчний хэмнэлт, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээ, ногоон бизнесийг дэмжих төсөл хэрэгжүүлж байна.
Европын Хөрөнгө оруулалтын банк (EIB)-ны тухайд Монгол Улсад ногоон эрчим хүчний төслүүд, агаарын бохирдол бууруулах ногоон хотууд санаачилга, уур амьсгалын дасан зохицох төсөл тухайлбал усны менежмент, газар ашиглалт, бэлчээрийн доройтлыг бууруулах чиглэлээр санхүүжилт олгодог юм.
Монгол Улс 2015 онд Парисын хэлэлцээрт нэгдэж, 2030 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг 22,7 хувь хүртэл бууруулах амлалтыг дэлхийн улс орнуудын өмнө хүлээсэн байдаг. Харин олон улсын дэмжлэг авбал энэ тоо 27.2% болж өсөх боломжтой гэж тооцоолжээ. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хүрээнд Монгол Улс Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг гурван үе шаттайгаар арван жилийн хугацаанд 17 аймгийн 76 суманд хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны олон шатлалт санхүүжилт мөн Европын холбоо, Европын хөрөнгө оруулалтын банк, Уур амьсгалын ногоон сангийн эргэн төлөгдөх зээл, буцалтгүй тусламж гэсэн хэлбэрүүдээр санхүүжүүлж Монгол Улсын Засгийн газар, Эдийн засаг, хөгжлийн яам хэрэгжүүлэх юм.