Ховд аймгийн удирдлагуудтай уулзлаа
ASDIP төсөл Ховд аймгийн удирдлагуудтай төслийн явц болон тус аймагт хэрэгжих бүтээн байгуулалтын талаар уулзалт хийлээ.
Ховд аймгийн удирдлагууд 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдөр ASDIP төслийн холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, төслийн хэрэгжилтийн явц болон Ховд аймагт хийгдэх бүтээн байгуулалтын ажлын талаар ярилцлаа.
Уулзалтад Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, хуулийн зөвлөх Д.Хуягбаатар, ASDIP төслийн дэд зохицуулагч Б.Амар, Б.Ванчиндорж, ерөнхий инженер Б.Батзориг, инженер Ё.Лхагвадорж, мэргэжилтэн М.Галбадрах нар оролцов.
ASDIP төслийн баг Ховд аймагт хэрэгжих ажлуудын явц, төлөвлөлтийн талаарх мэдээллийг өгч, зураг төсөл, инженерийн ажлын бэлтгэл, агро-паркийн газар олголтын явц, био-хамгаалагдсан аж ахуйн байгууламжийн бүтээн байгуулалт, менежментийн загвар, эрчим хүч, дэд бүтцийн хүрээнд төлөвлөгдөж буй ажлуудын чиглэлийг танилцууллаа. Засаг дарга М.Амарсанаа Ховд аймгийн хөгжлийн бодлого, томоохон бүтээн байгуулалтын талаар товч танилцуулж, төслийн үйл явц, бүтээн байгуулалтыг аймаг орон нутгийн зүгээс бүх талаар дэмжин ажиллах, ялангуяа газар олголтын асуудлыг шуурхай шийдвэрлэхэд онцгой анхаарч хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв. Уулзалт төслийн үйл ажиллагааны зохион байгуулалт, талуудын уялдааг сайжруулах, Ховд аймагт хэрэгжих ASDIP төслийн бүтээн байгуулалтыг түргэн шуурхай хэрэгжүүлэхэд бүх талын хамтын оролцоог нэмэгдүүлж ажиллах дээр талууд тохиролцлоо.


