Мал аж ахуйн салбар дахь стандарт нэвтрүүлэлтийн хүрээнд санал солилцлоо
ASDIP төслийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн холбогдох мэргэжилтнүүд 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Sustainable Fibre Alliance (SFA) буюу Тогтвортой ноос, ноолуурын эвсэл (ТННЭ)-ийн төлөөлөгчидтэй уулзаж, тус байгууллагын Ноолуурын стандартын шинэчилсэн хувилбар болох Малын гаралтай ширхэгтийн стандарт болон Мөшгөлтийн тогтолцооны стандартын хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар өргөн хүрээтэй мэдээлэл солилцлоо.
Уулзалтын үеэр ТТНЭ-ийн төлөөлөгчид байгууллагынхаа үйл ажиллагааны цар хүрээг танилцуулсан юм. ТТНЭ нь Монгол Улсад 208 хоршоогоор дамжуулан 19,000 гаруй малчид, БНХАУ-д 16,000 орчим фермер, Афганистанд 5,000 гаруй малчин, нийт 24 орны 527 аж ахуйн нэгжийг хамарсан өргөн сүлжээтэй аж. Үүнээс 112 нь бүрэн болон дэмжигч гишүүн байгууллага, 415 нь мөшгөлтийн тогтолцооны оролцогч хэлбэрээр бүртгэлтэй байна. Уулзалтад ТННЭ-ийн үндэсний зохицуулагч С.Вандандорж, үйл ажиллагааны менежер н.Индра, “Дасан зохицохуйн зам” төслийн менежер Б.Даваажаргал нар оролцож, SFA стандартын гол зарчим болох амьтны тавлаг байдал, байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлагын талаар шинэчлэгдсэн агуулгыг танилцууллаа.
Шинэчилсэн стандартыг 2025 оноос эхлэн малчдын байгууллагын үнэлгээнд мөрдөж буй бөгөөд зайлшгүй биелүүлэх болон сайжруулах үзүүлэлтээс бүрдэх шинэ тогтолцоонд шилжиж, өмнөх “алт, мөнгө, хүрэл” зэрэг шатлалыг халж буйг онцоллоо. ТННЭ-ийн зүгээс малчдыг гэрчилгээжүүлэх, баталгаажуулах үйл явц, хоршоо болон үйлдвэрүүдийн стандартыг нэвтрүүлэхэд тулгардаг сургалт, баримтжуулалт, хяналтын тогтолцооны асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж буй сайн туршлагаа хуваалцав. Талууд SFA стандартын хэрэгжилтийг гишүүн хоршоо, үйлдвэрүүдэд тогтвортой нэвтрүүлэхэд шаардлагатай сургалт, зөвлөх үйлчилгээ, мэдээллийн уялдаа холбоог сайжруулах, стандартыг амжилттай нэвтрүүлсэн байгууллагуудад чиглэсэн зээлийн боломж, шалгуурын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Ийм зээлийн механизм нь үйлдвэрлэлээ тогтвортой байдалд шилжүүлэх, чадавхыг бэхжүүлэх, олон улсын зах зээл дэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болохыг талууд санал нэгтэй тэмдэглэв.
Мөн ТТНЭ нь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран “Малчин” ажил мэргэжлийн стандартыг батлуулж, Үндэсний ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолт (ҮАМАТ-08)-д албан ёсоор тусгасан талаар мэдээлэв. Малчдын байгууллагын баталгаажуулалтын хүрээнд “Мал аж ахуй эрхлэх, ноолуур эрхлэх зохистой дадал”-ын чиглэлээр 61 хоршоо, “Бэлчээр ашиглах зохистой дадал”-ын хүрээнд 34 хоршоо хөндлөнгийн аудитад хамрагдаж, нийт 59 хоршоо хангалттай үнэлгээ авсан нь тогтвортой үйлдвэрлэлийн суурийг бэхжүүлэх чухал үр дүн болсныг онцоллоо. Түүнчлэн ноолуурын чанарыг сайжруулах зорилгоор Нутаг академитай хамтран Баяндэлгэр үүлдрийн ямааны үрээр 1,000 зохиомол хээлтүүлэг хийсэн туршлага болон стандартын сургалт, чадавхжуулалт, хөндлөнгийн аудитын үйлчилгээг тогтмол хүргэж байгаа талаар танилцуулсан юм.
Уулзалтын төгсгөлд ASDIP төсөл болон ТТНЭ хооронд цаашид хамтран ажиллах хэд хэдэн чиглэлийг тодорхойлж, тэдгээрийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр харилцан тохиролцов.



