Уур амьсгалын ногоон сангийн төлөөлөгчидтэй уулзлаа
Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр төслийн зохицуулагч Б.Хулан, төслийн менежментийн дэд зохицуулагч Г.Сүглэгмаа, мал аж ахуй болон бэлчээрийн менежментийн асуудал хариуцсан дэд зохицуулагч Б.Ванчиндорж, сангийн удирдлага хариуцсан дэд зохицуулагч Ж.Жанарбаатар, барилга хот байгуулалтын асуудал хариуцсан дэд зохицуулагч Б.Амар нар өнөөдөр буюу 11 дүгээр сарын 04-ний өдөр Уур амьсгалын ногоон сангийн үндэсний зохицуулагч, БОУАӨЯ-ны сайдын зөвлөх Д.Одхүү, Уур амьсгалын ногоон сангийн зөвлөх Б.Чулуунхүү нартай уулзаж Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч харилцан санал солилцлоо.
Уулзалтын үеэр Монгол Улс дэлхийн улс орнуудын өмнө хүлэмжийн хий бууруулах чиглэлд хүлээсэн үүрэг, Уур амьсгалын ногоон сангийн үе шаттай санхүүжилтийн талаар хэлэлцлээ. Түүнчлэн төслийн хэрэгжилтийн талаарх хамтарсан уулзалтыг цаашид тогтмол хийж байхаар талууд тохиролцлоо.
Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь 2024–2033 онд арван жилийн хугацаанд Азийн Хөгжлийн Банк, Европын Холбоо, Европын Хөрөнгө Оруулалтын Банк, Уур Амьсгалын Ногоон Сангийн олон шатлалт санхүүжилтийн шугамаар санхүүжигдэх төсөл юм. Монгол Улсын баруун гурван аймаг Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудад эхний ээлжинд цаашид Монгол Улсын хэмжээнд 17 аймгийн 76 суманд хэрэгжинэ.
Аймаг, сумын төвүүдийн бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, хүн ам амьдрахад таатай хот, суурин газар (аймаг, сумын төв)-ыг байгуулж, хөдөө аж ахуйн бизнесийг хөгжүүлэх, орон нутгийн ногоон хөгжлийн загвар, шинэчлэлийг хөхиүлэн дэмжих, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжийг бүрдүүлэх зорилготой.



